Wednesday, January 19, 2011

Миний аялалын түүх

Миний аялалын турш баримтлах нэг том дүрэм байдаг бөгөөд тэр нь чин сэтгэл. Би энэ аялалд ээж аавын чин сэтгэлийн их хайраар өлгийдүүлэн ирж, тэр их хайраар өсөж торнисон болохоор төгсгөл нь иртэл энэ шугамаар л ганхахгүй явна. Чин сэтгэл байвал ямартаа ч аялал маань зөв үргэлжилж байна гэсэн үг.

Аялалаас үлддэг хамгийн үнэтэй зүйл нь дурсамж.. амьдралаас авах хамгийн нандин зүйл нь бас дурсамж. Миний амьдралын дурсамжыг хайртай хүмүүс маань харамгүй надад өгдөг гээд бодохоор би их азтай аялагч юм шиг байгаа юм.. Төрсөн өдрийн өглөө миний охин яасан их унтаж байхын гээд үнэрлэх аавын маань хайр, өөрийгөө хүртэл мартаж намайг хайрладаг ээжийн минь нинжин сэтгэл, “би чамд өөрөөсөө илүү итгэдэг” гэх найзын урмын үг, хаа нэг оройтвол “-аниа та хаана явна тосох уу” гэх 2 дүүгийн минь халамж, өөрийгөө танихгүй болтол гайхшруулах алдарт хайр дурлал, нойроо харамлан байж сэрэх ч надад итгэл хүлээлгэдэг ажил гээд энэ аялалаас авсан олон сайхан дурсамж байгаа шүү.

Хамгийн түрүүнд санаанд минь бууж байгаа дурсамжын үе бол “энэ чинь л би” гэх өөрийгөө олсон оюутан ахуй нас. Энэ 4 жилээс би 4.0 голчтой диплом өвөртлөөгүй харин 4.0-с хол давсан голчтой өөртөө итгэх итгэлийг олсон үүндээ ч сэтгэл хангалуун байдаг.. Бас аялалынхаа үнэнч хамтрагчидыг ямар ч эргэлзээгүй олсон нь гайхалтай хэрэг, магадгүй одоогийн байдлаар хамгийн ихийг амжуулж хамгийн их төлөвшил олсон үе ч байж болох юм.. нэг аялалаас ирэхэд дараагийн аялалын төлөвлөгөө урган гардагаар аялалынхаа энэ хэсгээс би их урт аялалын хар зураг буулгасан гэж хэлж болно.

Аялал гэгчийн бас нэгэн гайхалтай нь анхны бүхэн.. анх удаагаа харсан мэдэрсэн гээд анхны зүйлс олон байдаг. Миний аялалын анхны гэхээр мэдээж цөөнгүй гэхдээ хамгийн түрүүнд нэг тийм сонин мэдрэмж бууж байна. Анх удаагаа л “-өө бас авч болдоггүй зүйл байдаг юм байна даа” гэсэн гайхшрал төрсөн тийм үе. Хайр гэгчийг дуртай юмаа авч байгаатай адил хамаагүй хүслээрээ харъяалж болдоггүй гэж. Хэрвээ тэр надад зориулагдаагүй л бол надаас хайрыг мэдрэхээргүй л бол мянга дэвэхцээд ч авч болохгүй харин намайг л тойроод байдаг.. энэ их сонин бас л нэг өөрийгөө өөр талаас нь олж харахад тусалсан анхны мэдрэмж юм даа.. өөр тоочвол анхны бүгд сайхан, учир нь өмнө нь мэдрээгүй болохоор тийм байх.. магадгүй ахиад арван жилийн дараа би энэ тухай бичсэн бол арай л өөр зүйл толгойд бууж ч болох энэ удаад ийм мэдрэмж л санаанд орлоо.

Алхам бүрээ урьдчилан тогтоож бүгдийг яг цав онц байлгах гэдэг хэцүү учир нь өнөөдөр би инээгээд сууж байгаа ч маргааш юу болохыг хэн ч хэлж чадахгүйтэй адил аялалын маань мөч бүр аз жаргал гэдэг жагсаалтаар дүүрээгүй. Зүүний үзүүр дээр будаа тогтоно гэж ч юу байхав харин үүний дайтай зүйрлэсэн хүмүүний хувь заяа гэдэг хэтэрхий богинохон бас ямар ихээр хайрлаж, тордмоор болохыг би аялалынхаа нэгэн хаврын дулаахан хирнээ жихүүн үдшээс дэндүү сайн ойлгосон.. Миний аялалын ганзага нийлсэн сайн хамтрагч маань ахиад мөрөөдөл ярилцахгүйгээр үнэтэй дурсамжуудаа сургамжаар ухааруулаад салхи болсон тийм өдөр.. Залуу нас гэдэг аялалын хамгийн оргил хийгээд нандин үе гэдгийг тэр надад улам бүр бат мэдрүүлсэн. Энэ хэсэг эргүүлэгнээс хойш жаахан охин том хүн шиг л бодолд автаж бас зүгээр л гоё өнгөөр ертөнцийг харах гэж их хичээдэг болсон. Өөрийгөө өрөвдмөөр ч юм шиг заавал ийм их үнэтэй бодол байх гэж..

Би бол энэхүү амьдрал гэгч аялалд дэндүү хайртай тийм л аялагч, өглөө нар яаж манддагыг ч мартах дөхсөн зарим нэгний хажуугаар нартай мэндлээд өнгөрөхдөө “өө дажгүй шүү” гээд өөрийгөө жижигхэн урмаар шагнаад, үүлнээс, тэнгэрээс, салхинаас, солонгоноос, бороо бас цаснаас өөр өнгийг харах гэсэн бодол л байхад аялал сайхандаа. Амьдрал ийм амттай, аялал ийм адал явдалаар дүүрэн дурсамжтай байхад зөвхөн энэ аялалыг ахиад хэд ч давтахад бэлэн байна.

Миний аялалын түүхийн нэгээхэн хэсэгтэй танилцсан цөөхөн хором таны аялалын бас нэгэн хором болж, харин миний аялалаа бичих гэж бодол болсон өдрүүд надад “чи ч хөөрхий болоогүй байнадаа, гэхдээ чи азтай чамд цаг хугацаа байна яваад бай хонгор минь урт аялал хүлээж байна” гэсэн дуудлагыг дотроосоо олсон магадгүй бас нэгэн өөртөө хийсэн аялал байлаа. Тйимээ урагшаа л яваад бай хонгор минь...

Аялах гэдэг буцаж ирэхээс амархан гэж нэг киноны төгсгөлд гардаг үг.. Тийм шүү аялах гэдэг буцаж ирсэнээс хамаагүй дээр. Хорин гуравхан настай би мөрөөдлийнхөө төлөө эцэс хүртэл нь энэ амьдралаар аялахдаа гайхалтай таатай байна...

2 comments:

  1. bidnii ayalal dunguj ehleed l yavj bgani yostoi soliormoor goy sanagdaj bna hehe :p

    ReplyDelete