Wednesday, January 19, 2011

Миний аялалын түүх

Миний аялалын турш баримтлах нэг том дүрэм байдаг бөгөөд тэр нь чин сэтгэл. Би энэ аялалд ээж аавын чин сэтгэлийн их хайраар өлгийдүүлэн ирж, тэр их хайраар өсөж торнисон болохоор төгсгөл нь иртэл энэ шугамаар л ганхахгүй явна. Чин сэтгэл байвал ямартаа ч аялал маань зөв үргэлжилж байна гэсэн үг.

Аялалаас үлддэг хамгийн үнэтэй зүйл нь дурсамж.. амьдралаас авах хамгийн нандин зүйл нь бас дурсамж. Миний амьдралын дурсамжыг хайртай хүмүүс маань харамгүй надад өгдөг гээд бодохоор би их азтай аялагч юм шиг байгаа юм.. Төрсөн өдрийн өглөө миний охин яасан их унтаж байхын гээд үнэрлэх аавын маань хайр, өөрийгөө хүртэл мартаж намайг хайрладаг ээжийн минь нинжин сэтгэл, “би чамд өөрөөсөө илүү итгэдэг” гэх найзын урмын үг, хаа нэг оройтвол “-аниа та хаана явна тосох уу” гэх 2 дүүгийн минь халамж, өөрийгөө танихгүй болтол гайхшруулах алдарт хайр дурлал, нойроо харамлан байж сэрэх ч надад итгэл хүлээлгэдэг ажил гээд энэ аялалаас авсан олон сайхан дурсамж байгаа шүү.

Хамгийн түрүүнд санаанд минь бууж байгаа дурсамжын үе бол “энэ чинь л би” гэх өөрийгөө олсон оюутан ахуй нас. Энэ 4 жилээс би 4.0 голчтой диплом өвөртлөөгүй харин 4.0-с хол давсан голчтой өөртөө итгэх итгэлийг олсон үүндээ ч сэтгэл хангалуун байдаг.. Бас аялалынхаа үнэнч хамтрагчидыг ямар ч эргэлзээгүй олсон нь гайхалтай хэрэг, магадгүй одоогийн байдлаар хамгийн ихийг амжуулж хамгийн их төлөвшил олсон үе ч байж болох юм.. нэг аялалаас ирэхэд дараагийн аялалын төлөвлөгөө урган гардагаар аялалынхаа энэ хэсгээс би их урт аялалын хар зураг буулгасан гэж хэлж болно.

Аялал гэгчийн бас нэгэн гайхалтай нь анхны бүхэн.. анх удаагаа харсан мэдэрсэн гээд анхны зүйлс олон байдаг. Миний аялалын анхны гэхээр мэдээж цөөнгүй гэхдээ хамгийн түрүүнд нэг тийм сонин мэдрэмж бууж байна. Анх удаагаа л “-өө бас авч болдоггүй зүйл байдаг юм байна даа” гэсэн гайхшрал төрсөн тийм үе. Хайр гэгчийг дуртай юмаа авч байгаатай адил хамаагүй хүслээрээ харъяалж болдоггүй гэж. Хэрвээ тэр надад зориулагдаагүй л бол надаас хайрыг мэдрэхээргүй л бол мянга дэвэхцээд ч авч болохгүй харин намайг л тойроод байдаг.. энэ их сонин бас л нэг өөрийгөө өөр талаас нь олж харахад тусалсан анхны мэдрэмж юм даа.. өөр тоочвол анхны бүгд сайхан, учир нь өмнө нь мэдрээгүй болохоор тийм байх.. магадгүй ахиад арван жилийн дараа би энэ тухай бичсэн бол арай л өөр зүйл толгойд бууж ч болох энэ удаад ийм мэдрэмж л санаанд орлоо.

Алхам бүрээ урьдчилан тогтоож бүгдийг яг цав онц байлгах гэдэг хэцүү учир нь өнөөдөр би инээгээд сууж байгаа ч маргааш юу болохыг хэн ч хэлж чадахгүйтэй адил аялалын маань мөч бүр аз жаргал гэдэг жагсаалтаар дүүрээгүй. Зүүний үзүүр дээр будаа тогтоно гэж ч юу байхав харин үүний дайтай зүйрлэсэн хүмүүний хувь заяа гэдэг хэтэрхий богинохон бас ямар ихээр хайрлаж, тордмоор болохыг би аялалынхаа нэгэн хаврын дулаахан хирнээ жихүүн үдшээс дэндүү сайн ойлгосон.. Миний аялалын ганзага нийлсэн сайн хамтрагч маань ахиад мөрөөдөл ярилцахгүйгээр үнэтэй дурсамжуудаа сургамжаар ухааруулаад салхи болсон тийм өдөр.. Залуу нас гэдэг аялалын хамгийн оргил хийгээд нандин үе гэдгийг тэр надад улам бүр бат мэдрүүлсэн. Энэ хэсэг эргүүлэгнээс хойш жаахан охин том хүн шиг л бодолд автаж бас зүгээр л гоё өнгөөр ертөнцийг харах гэж их хичээдэг болсон. Өөрийгөө өрөвдмөөр ч юм шиг заавал ийм их үнэтэй бодол байх гэж..

Би бол энэхүү амьдрал гэгч аялалд дэндүү хайртай тийм л аялагч, өглөө нар яаж манддагыг ч мартах дөхсөн зарим нэгний хажуугаар нартай мэндлээд өнгөрөхдөө “өө дажгүй шүү” гээд өөрийгөө жижигхэн урмаар шагнаад, үүлнээс, тэнгэрээс, салхинаас, солонгоноос, бороо бас цаснаас өөр өнгийг харах гэсэн бодол л байхад аялал сайхандаа. Амьдрал ийм амттай, аялал ийм адал явдалаар дүүрэн дурсамжтай байхад зөвхөн энэ аялалыг ахиад хэд ч давтахад бэлэн байна.

Миний аялалын түүхийн нэгээхэн хэсэгтэй танилцсан цөөхөн хором таны аялалын бас нэгэн хором болж, харин миний аялалаа бичих гэж бодол болсон өдрүүд надад “чи ч хөөрхий болоогүй байнадаа, гэхдээ чи азтай чамд цаг хугацаа байна яваад бай хонгор минь урт аялал хүлээж байна” гэсэн дуудлагыг дотроосоо олсон магадгүй бас нэгэн өөртөө хийсэн аялал байлаа. Тйимээ урагшаа л яваад бай хонгор минь...

Аялах гэдэг буцаж ирэхээс амархан гэж нэг киноны төгсгөлд гардаг үг.. Тийм шүү аялах гэдэг буцаж ирсэнээс хамаагүй дээр. Хорин гуравхан настай би мөрөөдлийнхөө төлөө эцэс хүртэл нь энэ амьдралаар аялахдаа гайхалтай таатай байна...

Sunday, January 16, 2011

тийм дээрээс хармаар..


Би шувуу шиг нисмээр

Бусдаас өндөрт дүүлмээр

Ийм ертөнцөд байснаа

Тийм дээрээс хармаар..

Sunday, January 9, 2011

энд байдаг тэндхийн найздаа


Эндхийн биш тэндхийн хүн энгийн биш зүүдний хүн.. Түүний ойр орчим түүн шиг тэндхийн юм шиг санагдах хүн бараг л байхгүй учир нь түүн шиг гоёоор зүүдний амтыг мэдэхгүй болохоор.. харин түүний мэдэхгүй төсөөлж ч байгаагүй бас нэг тэндхийн хүн эндхийн биш гэдэгтээ итгэлтэй байдаг тийм өөр хэн нэгэн тэнд л өөртэйгээ ижилхэн хүнтэй таарна гэдэгтэй найдаж энд л амьдардаг.. тэгээд эдэнд эндхийн амьдрал юу болж таарах вэ? бодоод байсан тэнд очих галт тэрэг л юм байна харин тасалбар нь зүүд.. гэхдээ тэд энд л тааралдах байх гэдэгт эндхийн би итгэж байна..

Friday, January 7, 2011

гоё, сонин, нэг тийм мэдрэмж

Энэ нэг зүрхэн тушаа хүндүүр оргидог мэдрэмжийг гээчихвэл хүн төрөлхтөн яах бол.. ядаж л гоё дуу төрөхгүй байхдаа, аймшигтай юм.. тиймээс энэ мэдрэмж байж байсан нь дээр юм байна..

хоёр бүсгүйн- Нүд

Энд хоёр бүсгүйн тухай. Бишээ хоёр бүсгүйн тухай биш тэдний нүдний тухай юм байна. Нэг нь байнга хар нүдний шил зүүдэг, нөгөө нь хааяа.. эхний бүсгүй хар шилтэйгээ л хүчтэй харагддаг. Харин азаар гэхүү эзээр гэхүү хар шилний цаана нуугдах нүдийг харсан. Их гунигтай юм билээ, их гомдол, цөхрөлөөс асгарах нулимс дүүрэн юм шиг л бас их ганцаардал. Нөгөө бүсгүйн нүд бараг л ижилхэн, харин хааяа хар шил зүүдэг нь тэр их нулимсыг тэвчээгүйх байх.. тэдний нүдийг хараад тэднийг тэврээд уйлмаар санагдсан.. гэхдээ тэд бусдад тэврүүлээд уйлахааргүй тийм л мундаг хүмүүс..

"дандаа"-н тухай



-Дандаа гэж ямар хугацаа юм бэ?

-Чиний нас хүрэхгүй тийм хугацаа гэхдээ зөвхөн миний бодлоор.

-Аан тэгвэл овоо урт л юм байна.

-Харин чинийхээр дандаа гэж ямар хугацааг хэлдэгийн?

-Дандаа гэж үү.. бороо ороход, цас будрахад, гоё нар мандахад бас жаргахад, уйлахадаа, баярлахдаа, гомдохдоо, догдлохдоо, зүгээр л цонхоор харахад, ууттай бэлэг хараад, кино үзээд, дуу сонсоод гээд ер нь байж болох бүх л сэтгэл хөдлөл, мэдрэмжийг хамгийн түрүүнд чамд л хэлмээр санагдах сэтгэгдэл надад байсаар байхыг л дандаа гэж хэлнэ.

-хөөх нээрээ энийг л дандаа гэмээр юм байна. Байна ш дээ Би дандаа хамт л байнаа чамтай..

Энгийн амьдрал/биш

Тэр энгийн гэхдээ хангалуун амьдралтай.. бусдаас гуйхгүй бусдад ч учиргүй туслахгүй.. өглөө бүр нар нэг ижилхэн энгийн харагддаг, шөнө бүр ганцаараа санаа алддаг.. гэхдээ түүнд хэзээ ч хэцүү санагдаж байгаагүй учир нь тэр хүчтэй эмэгтэй бусадтай харьцуулахад гэр бүлийн бухимдах асуудал байхгүй олсон хэдээ үрж биш хурааж чаддаг бусдын нүдээр бол эрх чөлөө ханхалсан тийм хүн. Гэхдээ магадгүй эрх чөлөө гэж өөрийн гүйцэлдүүлэх боломжгүй хүслийг л хэлдэг байж ч болох..

Харин саяханы нэг өдөр тэрэнд энгийн бус хэцүү зүйл тохиолдсон. Тэр өвчтэй болж, эмч эдгэхгүй гэж хэлсэн.. ингээд л энгийн хангалуун эрх чөлөө бүхэн юу ч биш болж хувирсан.. энэ бүх зүйл юу байсан гэж.. ердөө хоёр сар хиртэй л хугацаа, хэтэрхий богинохон.. бүгдийг энгийнээр хардаг түүнд эндээс энгийн сайхан амьдрал нь түртмээр их уйтгар гуниг болсон.. эцэст нь тэр хураасан хэдээ энгийн бус зүйлсэд зориулахаар шийдсэн.. том цонхтой цэлгэр байрыг хоёр сарын хугацаатай түрээслэж, сэтгүүл дээрхи зураган дундаас аятайхан харагдсан бүгдийг захиалсан.. эрүүл мэнддээ хайртай цагаан хоолтон хамгийн сайхан гэх амттай стейк идэж, албаны хувцасаа торгон хөнжлийн даавуугаар сольсон.. багадаа авч чадаагүй улаан цахилгаан гитараа ч авсан гитарны ид шидийг гаргахгүй ч удаан хүссэн болохоор өөрийн болгоход сайхан байсан, тэгээд улаан гитараа тэврээд унтсан шөнө тэр урьдных шигээ ганцаардаж санаа алдаагүй харин ч сайхан нойрссон.. тэр өмнө нь бусдад тохируулж амьдарч байсанаа энэ хэдхэн өдрүүдэд ойлгож залуу насаа хайрлаж чадаагүйдээ харамссан.. харин зүгээр л хамгийн эхлээд толгойд нь бууснаар ямар ч эргэлзээгүй бүгдийг хийж байгаадаа баярлаж бүр уйлж байлаа.. энэ хугацаанд тэр бүх зүйлээ өөрчилсөн бүр бүгдийг, захиалгаар тавилга хүргэж ирэх хар залуутай бас хоол хүргэж ирэх залуухан охинтой ч унтсан, сайхан байсан.. магадгүй тэр эрүүл байсан бол энэ бүхний тухай бодох ч үгүй байсан биз.. хоёр сар богинохон хугацаа ч гайхалтай экстрим бүгд багтсан.. тавилга хүргэж ирдэг хар залуу түүнтэй унтаад маргааш нь түүнд баглаа цэцэгтэй ирсэн баярласандаа тэр биз учир нь хар залуу гэртээ очоод эхнэрийгээ хуурсандаа харамсаж бас их хайртайгаа мэдсэн, харин үүнийг нь манай бүсгүй мэдрүүлж өгсөн. бас хоол хүргэж ирэх охин муу залуутай нийлэхээс татгалзаж илүү сайхан амьдралыг сонгож сургуульд сурахаар шийдсэн. Үүнд ч мөн адил манай бүсгүй л тусалсан.. түүнд үлдсэн богинохон хугацаа хоёр хүнд магадгүй тэдэнтэй холбоотой хорин хэдэн хүнд шинэ хаалга нээж өгчдээ.. харамсмаар ч юм шиг ийм үнээр олдох бодол, зорилго гэж байдаг байжээ.. бүгдийг энгийн бус болгох гэсэн үлдсэн хугацаа ч дуусах дөхөж байна өдрөөс өдөр хоёрхон сар шүү дээ.. тэр энэ бүх хэнд ч хэрэггүй бүгдийг хийж чадсандаа баярлан инээж, иймхэн хугацаа байгаад харамсан бас хорогдон уйлсаар хэдэн хоног угаалгын өрөөний шалан дээр унтлаа.. үхэж байгаа шүү дээ лааны гэрэл бүдгэрдэг шиг бага багаар үхэж байгаа.. аймшигтай хэлэх үг ч олдохгүй зөвхөн нулимс л урсна.. хаалганы хонх дуугарлаа, байрны эзэн ирэх долоо хоногт түрээсийн хугацаа дуусах болсоныг мэдэгдэх гэж иржээ.. хоёр сар болчихжээ хурдан байна шүү.. хачирхалтай ганц зүйл тэр эмчийн хэлсэн ёсоор үхэх ёстой, харин тийм шинж ер алга.. ахиад эмнэлэг орж шинжилгээ өглөө.. бүр ч гайхалтай ёстой хэлэх ч үг алга ганцхан нулимс л урсана.. баярласандаа тэрэнд хэлэх үг ч олдсонгүй өвчин түүнийг хаяад явчихаж.. үгүй ээ тэр өвчинг хаячихаж шүү дээ.. энэ их ховор тохиолдол, хэрэгтэй өөрчлөлт түүнд шинэ бас их сайхан амьдрал бэлэглэжээ.. эргэж түрээсийн байрандаа очиход түүнд ямар ч мөнгө үлдээгүй харин сэтгүүлийн хуудаснаас амилсан үнэтэй зүйлс л байлаа тэр улаан гитарнаас бусад бүгдийг зарлаа бүр 400 доллараар авсан гэрлийн бүрхүүлийг 15 доллараар зарж орхилоо.. тэр хүүхэд насны мөрөөдлөөс үлдсэн улаан гитараа үүрээд шинэ амьдралруугаа чин сэтгэлээсээ инээмсэглэн аз жаргалтай алхаж байна.. амьдрал сайхан биш гэж үү..

/нилээд дээх нь үзэж байсан киног өөрийнхөөрөө буулгачихлаа, тэр киног дундаас нь үзэж байсан юм гол дүрийн эмэгтэйх нь инээдэггүй уйтгартай царай таалагдаад үзэж байснаа санаж байна.. ажил хайгаад хямралын үе байсан болохоор энэ киног үзээд хэсэг сайхан болсон шүү.. ямар ч нэртэй юм бүү мэд ямартай ч их гоё кино байсан баярлалаа гэж хэлмээр../