Итгэж явсан хүндээ гэнэт хууртагдах шиг л болов
Ийм хачин, олон ааштай тэнгэр гэж бас байдгаа
Сая л та цэнхэртээд л байсан, цэнхэртээд л байсан
Би ч бас цэлмэг л байсан
Сааралтаж одоо юунд бүрхэнэ вэ?
Би таныг дагаад л харанхуйлчихлаа
Охиноороо ингэж битгий тоглооч тэнгэр минь
Оролдоод байвал би чинь тэсэхгүй шүү
Хавар шиг үргэлж гэгэлгэн явдаг зүрхээр минь
Хатгуулаад эхэллээ гэнэт, битгий хуйсагнаач
Таны үүл шиг л хөнгөн бас цэвэрхэн
ЗАЛУУ НАСАНД МИНЬ ТУНГАЛАГ ӨДӨР ОЛОН БАЙГ Л ДЭЭ
/Л.Өлзийтөгс/