Saturday, January 29, 2011

Ганц чиний өмнө л..

Ганц чиний өмнө л би бүгдийг мартаж байна

Уурлаагүй, гомдоогүй юм шиг

Ганц чиний өмнө л би дандаа жаргалтай байна

Уйлаагүй, цөхрөөгүй юм шиг..

өдөр бүр сонин






Өдөр бүр л их сонин байх юм.. цөхөрсөн байхад дараа өдөр нь учиргүй баярлаж, санасан байхад дараа өдөр нь хамт байх гэж, хайрласан байхад дараа өдөр нь гомдсон байх гэж, уучилсан байхад дараа өдөр нь урам хугарсан байх гэж, их хичээсэн байхад дараа өдөр нь мөрөөдөлөө биелсэнийг харж байх гэж..








Friday, January 28, 2011

салхи бид хоёр найзууд

намайг хөнгөхөн ч гэсэн гунихад

намуухан салхи аргадаж

зүгээр хүслээ дага гэж

зөөлхөн шивнэн хэлдэг

салхи бид хоёр найзууд

сайн муугаа мэддэг андууд..

Tuesday, January 25, 2011

шувуу шиг нисмээр байна..

шувууны амьдрал биднээс хир ялгаатай бол
тэр өндрөөс газарт буухад ямар бол
тэгээд буцаад дүүлэхэд баярладаг боловуу
энд биш тэнд сайхан боловуу
нисээд л нисээд л..
хил хязгааргүй уудам
хүсэл мөрөөдөл шиг..
ганц удаа, ганц л удаа
шувуу шиг нисвэл
гарцаагүй чамтай уулзах боловуу..

Wednesday, January 19, 2011

2011.01.06- сайхан мэдрэмж



2011.01.06 эхлээд цаг хиртэй болж байна. Амьдралын гоё сайхныг мэдрэе гэвэл өөрийнхөөрөө байж бусдыг баярлуул. Их бага байх нь хамаагүй зүгээр хэрэгтэй үед нь хайртай гэж хэлэх, ганцаардсан үед нь халуун дотноор тэврэх, болохгүй бол зүгээр л хөгжилтэй зүйлийг чин сэтгэлээсээ ярихад ч болно. Гол нь тэр үед чи бас бусад хүмүүс баярлана тэгээд л болно. Их энгийн, заавал их мөнгө, алдар нэр, машин хэрэггүй, зүгээр л тролебусанд суугаад халуурч байгаа найзыгаа босгоод өөр нэг хайртай найзынхаа төрсөн өдөрт шөнө очиж дуу дуулж өгөхөд ганцхан түүнийг баярлуулах чин сэтгэл л хэрэгтэй.. хэтэрхий энгийн байгаа биз.. тэгэхээр аз жаргалтай сэтгэл хангалуун амьдрах амархан юм байна..

/энэ өдөр шинэ оны хамгийн анхны сайхан мэдрэмжийг мэдэрсэн өдөр байсан байна pc-ээ ухаж суугаад үүнийг оллоо. шөнө гэртээ ирээд бичсэн байна/

Миний аялалын түүх

Миний аялалын турш баримтлах нэг том дүрэм байдаг бөгөөд тэр нь чин сэтгэл. Би энэ аялалд ээж аавын чин сэтгэлийн их хайраар өлгийдүүлэн ирж, тэр их хайраар өсөж торнисон болохоор төгсгөл нь иртэл энэ шугамаар л ганхахгүй явна. Чин сэтгэл байвал ямартаа ч аялал маань зөв үргэлжилж байна гэсэн үг.

Аялалаас үлддэг хамгийн үнэтэй зүйл нь дурсамж.. амьдралаас авах хамгийн нандин зүйл нь бас дурсамж. Миний амьдралын дурсамжыг хайртай хүмүүс маань харамгүй надад өгдөг гээд бодохоор би их азтай аялагч юм шиг байгаа юм.. Төрсөн өдрийн өглөө миний охин яасан их унтаж байхын гээд үнэрлэх аавын маань хайр, өөрийгөө хүртэл мартаж намайг хайрладаг ээжийн минь нинжин сэтгэл, “би чамд өөрөөсөө илүү итгэдэг” гэх найзын урмын үг, хаа нэг оройтвол “-аниа та хаана явна тосох уу” гэх 2 дүүгийн минь халамж, өөрийгөө танихгүй болтол гайхшруулах алдарт хайр дурлал, нойроо харамлан байж сэрэх ч надад итгэл хүлээлгэдэг ажил гээд энэ аялалаас авсан олон сайхан дурсамж байгаа шүү.

Хамгийн түрүүнд санаанд минь бууж байгаа дурсамжын үе бол “энэ чинь л би” гэх өөрийгөө олсон оюутан ахуй нас. Энэ 4 жилээс би 4.0 голчтой диплом өвөртлөөгүй харин 4.0-с хол давсан голчтой өөртөө итгэх итгэлийг олсон үүндээ ч сэтгэл хангалуун байдаг.. Бас аялалынхаа үнэнч хамтрагчидыг ямар ч эргэлзээгүй олсон нь гайхалтай хэрэг, магадгүй одоогийн байдлаар хамгийн ихийг амжуулж хамгийн их төлөвшил олсон үе ч байж болох юм.. нэг аялалаас ирэхэд дараагийн аялалын төлөвлөгөө урган гардагаар аялалынхаа энэ хэсгээс би их урт аялалын хар зураг буулгасан гэж хэлж болно.

Аялал гэгчийн бас нэгэн гайхалтай нь анхны бүхэн.. анх удаагаа харсан мэдэрсэн гээд анхны зүйлс олон байдаг. Миний аялалын анхны гэхээр мэдээж цөөнгүй гэхдээ хамгийн түрүүнд нэг тийм сонин мэдрэмж бууж байна. Анх удаагаа л “-өө бас авч болдоггүй зүйл байдаг юм байна даа” гэсэн гайхшрал төрсөн тийм үе. Хайр гэгчийг дуртай юмаа авч байгаатай адил хамаагүй хүслээрээ харъяалж болдоггүй гэж. Хэрвээ тэр надад зориулагдаагүй л бол надаас хайрыг мэдрэхээргүй л бол мянга дэвэхцээд ч авч болохгүй харин намайг л тойроод байдаг.. энэ их сонин бас л нэг өөрийгөө өөр талаас нь олж харахад тусалсан анхны мэдрэмж юм даа.. өөр тоочвол анхны бүгд сайхан, учир нь өмнө нь мэдрээгүй болохоор тийм байх.. магадгүй ахиад арван жилийн дараа би энэ тухай бичсэн бол арай л өөр зүйл толгойд бууж ч болох энэ удаад ийм мэдрэмж л санаанд орлоо.

Алхам бүрээ урьдчилан тогтоож бүгдийг яг цав онц байлгах гэдэг хэцүү учир нь өнөөдөр би инээгээд сууж байгаа ч маргааш юу болохыг хэн ч хэлж чадахгүйтэй адил аялалын маань мөч бүр аз жаргал гэдэг жагсаалтаар дүүрээгүй. Зүүний үзүүр дээр будаа тогтоно гэж ч юу байхав харин үүний дайтай зүйрлэсэн хүмүүний хувь заяа гэдэг хэтэрхий богинохон бас ямар ихээр хайрлаж, тордмоор болохыг би аялалынхаа нэгэн хаврын дулаахан хирнээ жихүүн үдшээс дэндүү сайн ойлгосон.. Миний аялалын ганзага нийлсэн сайн хамтрагч маань ахиад мөрөөдөл ярилцахгүйгээр үнэтэй дурсамжуудаа сургамжаар ухааруулаад салхи болсон тийм өдөр.. Залуу нас гэдэг аялалын хамгийн оргил хийгээд нандин үе гэдгийг тэр надад улам бүр бат мэдрүүлсэн. Энэ хэсэг эргүүлэгнээс хойш жаахан охин том хүн шиг л бодолд автаж бас зүгээр л гоё өнгөөр ертөнцийг харах гэж их хичээдэг болсон. Өөрийгөө өрөвдмөөр ч юм шиг заавал ийм их үнэтэй бодол байх гэж..

Би бол энэхүү амьдрал гэгч аялалд дэндүү хайртай тийм л аялагч, өглөө нар яаж манддагыг ч мартах дөхсөн зарим нэгний хажуугаар нартай мэндлээд өнгөрөхдөө “өө дажгүй шүү” гээд өөрийгөө жижигхэн урмаар шагнаад, үүлнээс, тэнгэрээс, салхинаас, солонгоноос, бороо бас цаснаас өөр өнгийг харах гэсэн бодол л байхад аялал сайхандаа. Амьдрал ийм амттай, аялал ийм адал явдалаар дүүрэн дурсамжтай байхад зөвхөн энэ аялалыг ахиад хэд ч давтахад бэлэн байна.

Миний аялалын түүхийн нэгээхэн хэсэгтэй танилцсан цөөхөн хором таны аялалын бас нэгэн хором болж, харин миний аялалаа бичих гэж бодол болсон өдрүүд надад “чи ч хөөрхий болоогүй байнадаа, гэхдээ чи азтай чамд цаг хугацаа байна яваад бай хонгор минь урт аялал хүлээж байна” гэсэн дуудлагыг дотроосоо олсон магадгүй бас нэгэн өөртөө хийсэн аялал байлаа. Тйимээ урагшаа л яваад бай хонгор минь...

Аялах гэдэг буцаж ирэхээс амархан гэж нэг киноны төгсгөлд гардаг үг.. Тийм шүү аялах гэдэг буцаж ирсэнээс хамаагүй дээр. Хорин гуравхан настай би мөрөөдлийнхөө төлөө эцэс хүртэл нь энэ амьдралаар аялахдаа гайхалтай таатай байна...

Sunday, January 16, 2011

тийм дээрээс хармаар..


Би шувуу шиг нисмээр

Бусдаас өндөрт дүүлмээр

Ийм ертөнцөд байснаа

Тийм дээрээс хармаар..

Sunday, January 9, 2011

энд байдаг тэндхийн найздаа


Эндхийн биш тэндхийн хүн энгийн биш зүүдний хүн.. Түүний ойр орчим түүн шиг тэндхийн юм шиг санагдах хүн бараг л байхгүй учир нь түүн шиг гоёоор зүүдний амтыг мэдэхгүй болохоор.. харин түүний мэдэхгүй төсөөлж ч байгаагүй бас нэг тэндхийн хүн эндхийн биш гэдэгтээ итгэлтэй байдаг тийм өөр хэн нэгэн тэнд л өөртэйгээ ижилхэн хүнтэй таарна гэдэгтэй найдаж энд л амьдардаг.. тэгээд эдэнд эндхийн амьдрал юу болж таарах вэ? бодоод байсан тэнд очих галт тэрэг л юм байна харин тасалбар нь зүүд.. гэхдээ тэд энд л тааралдах байх гэдэгт эндхийн би итгэж байна..

Friday, January 7, 2011

гоё, сонин, нэг тийм мэдрэмж

Энэ нэг зүрхэн тушаа хүндүүр оргидог мэдрэмжийг гээчихвэл хүн төрөлхтөн яах бол.. ядаж л гоё дуу төрөхгүй байхдаа, аймшигтай юм.. тиймээс энэ мэдрэмж байж байсан нь дээр юм байна..